Эмч зөвлөж байна. Шамбарам өвчний тухай. И.Биханзрагчаа.
Хүмүүсийн хэлдгээр цагаан мах эргэх буюу шамбарам өвчин гэдэг нь шулуун гэдэсний төгсгөлд байрлах венийн судас өргөсч эмгэг байдлаар томорч цус алдах, урваж гарах, хавдах, хүчтэй өвдөх, загатнах, хорсох, цайвар шингэн ялгарах, зэрэг шинж тэмдгээр илэрч хүндэрсэн үедээ хөдөлмөрийн чадварыг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг өвчин юм. Шамбарамаар өвдсөн хүмүүс санаа зовох, ичсэнээсээ болоод эмчилгээ хийлгэхгүй нууж явсаар өвчлөлөө архагшуулчихдаг байна.
Шамбарамын зангилааны үүссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж үздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг. Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсгэдэг. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Шалтгаан
Шамбарам үүсэхэд:
1. Хувийн ариун цэвэр сахиагүй
2. Уламжлалт бус бэлгийн харьцаа
3. Өтгөн хатах. Энэ нь амьдралын хөдөлгөөн багатай хэмнэлтэй холбоотойгоос гадна гол нь буруу хооллосноос болдог. Хэрэв өдөр тутмын хоол хүнсэнд эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс дутагдвал хоол боловсруулах эрхтний илүүдэл нь шулуун гэдсэнд удаан хугацаанд оршдог. Тиймээс өдөрт 2 л багагүй шингэн ууж байх нь өтгөн хаталтаас сэргийлнэ. Аагтай цай, кофөг бага ууж бай. Учир нь эдгээр нь шээс хөөлгөх үйлчилгээтэй тул өтгөн хатах магадлалыг ихэсгэдэг.
4. Олон дахин гүйлгэх. Клизм болон туулгах эм. Эдгээрийг тогтмол хэрэглэвэл ходоод “залхуу” болж, өтгөн хатах үндэс болдог.
5. Архи спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх. Эдгээр хорт зуршил нь ходоодны салстыг цочроож, ходоод гэдэсний үйл ажиллагааны цусан хангамжийг хүчтэй болгож бохирын шүлтлэг, хүчиллэг найрлагыг алдагдуулдаг.
6. Ядрах, нойр муутай байх, хүнд зүйл өргөх
7. Удаан хугацаагаар суух. Шамбарам өвчнийг дээхэн үед түшмэлийн өвчин гэдэг байжээ. Хэрэв та өдөржин суугаагаар ажилладаг бол явган явах бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Амьдралын хөдөлгөөнт хэв маяг шамбарам өвчнөөс сэргийлэх шилдэг арга.
8. Жирэмслэлт болон төрөлт
9. Удамшлын болон хураагуурын бүтцийн төрөлхийн дутагдал зэрэг нь хамгийн ихээр нөлөөлдөг.
10. Элэгний эмгэгийн үед хоёрдогчоор үүсч болно.
Шинж тэмдэг
Архаг шамбарам өвчнийг явцаас нь шалтгаалан 4 үе шатанд ангилдаг.
1. Хүндээр бие засах үед ухаа улаан цус гарна. Шамбарамын зангилаа урваж гарахгүй. Толь тавьж харахад томорсон зангилаа харагдана.
2. Шамбарамын зангилаа үл мэдэг томорч урваж гарах боловч өөрөө засагдаж орно. Цус гарах болон бусад шинж тэмдэг илэрнэ.
3. Шамбарамын зангилаа томорсон үечилсэн байдлаар урваж гарах бөгөөд гараар засах оруулах шаардлагатай.
4. Шамбарамын зангилаа томорч байнга урваж гардаг болно. Гараар засаж оруулах боломжгүй болно.
Өвчин үүсэхэд хошного орчмоор загатнах, хорсох өвдөхийн зэрэгцээ эвгүй оргино. Өтгөнөөр бие засах, биеийн хүчний өндөр ачаалал авах үед шулуун гэдсэнд мэдрэмтгий шархлаа үүсэн судасны зангилаа нь гадагш унжиж гардаг бөгөөд яваандаа явах үед ч унждаг болно. Унжсан зангилаа нь үрэвсэх, хавчигдан үхжих аюултай. Шамбарамын хамгийн түгээмэл илэрдэг нэг шинж нь зангилаанаас цус гарах явдал юм. Зарим тохиолдолд ингэж цус алдаснаар цус багадалт ч үүсэх нь бий. Шамбарамтай үед хошногоос цус гарах нь насанд хүрэгчдийн 10% тохиолддог. Шамбарамын дотоод зангилаа нь гадагш унжиж эвгүй мэдрэмж төрүүлэхээс гадна хавагнах нь цөөнгүй. Улмаар шулуун гэдэс, хошного дүүрсэн мэт санагдан хүндээр бие засах шаардлага бий болдог. Заримдаа загатнаа үүсэн маажиснаар цус гардаг нь яваандаа экзем үүсэхэд хүргэж болзошгүй. Шамбарамын үед усархаг болон салсархаг ялгадас гарч, хувцсыг бохирлон, загатнаа үүсгэдэг. Өтгөн гадагшлуулалт алдагдан, хүчтэй хатна. Цөөнгүй тохиолдолд өтгөнөө барихгүй болох явдал тохиолддог.
Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг
Дотор байрлалтай шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хүндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг. Зарим тохиолдолд цүлхэн хагарч цусан бүлэн үүсгэдэг.
Гадна байрлалтай шамбарамын шинж тэмдэг
Гадна байрлалтай шамбарамын үед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгүй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжүүд илэрдэг.
Оношлогоо
Шамбарамын оношлогоог бүдүүн, шулуун гэдэсний эмч хийнэ. Хуруугаар дотуур үзлэг хийхийн зэрэгцээ анаскопи ба ректоманоскопи хийнэ. Бүдүүн, шулуун гэдэсний эмч үзэхийн өмнө цэвэрлэх бургуй тавьж гэдсээ цэвэрлэх хэрэгтэй.
Ялган оношлогоо
Өвчний шинж тэмдэг илэрмэгц цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Учир нь шамбарамын шинж тэмдгүүд хошногоны фиброзон ургацгууд, хошногоны үү, хоёрдогч тэмбүү, шулуун гэдэсний өмөн ба бусад олон өвчнийхтэй төстэй байдаг тул цаг алдах нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Хэрэв эмнэл зүйн шинжилгээнүүдийг сайтар хийлгэвэл оношын алдааны магадлал бага байна.
Урьдчилан сэргийлэх
Эмчийн үзлэгт орж, эмчилгээ, зөвлөгөө авсны дараа хувийн ариун цэвэр маш сайн сахих, өтгөнөө хатах болон гүйлгэхээс сэргийлэх хоол хүнс хэрэглэх, удаан хугацаагаар сууж бие засахгүй байх, хүнд юм өргөхгүй, нуруу, бөөрөө дулаан байлгах, халуун ногоо, спиртийн төрлийн зүйл хэрэглэхгүй байх нь маш чухал. Хамгийн гол нь эрт оношлуулж, зөв эмчилгээ хийлгэх нь чухал. Дур мэдэн өөрөө эмчлэх гэж цаг алдсанаас хагалгаанд орох, амиа алдах зэрэг сөрөг үр дагавар олон гардаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хувийн ариун цэврийг сахих.
Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бүлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгүй байж болно. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
40 – 45 хэмийн бүлээн усаар онгоцыг дүүргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дүрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ үед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг үрэвсэл, мэс заслын дараа илүү удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагүй юм.
Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх.
Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хүмүүс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү, тоост хэрэглэдэг хүмүүс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгүй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хүнс хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шүүс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.
Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий.
Судалгаанаас харахад хэвийн үед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.
Удаан хугацаанаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх.
Удаан хугацаагаар суух, жолоо барих, хүнд зүйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй үедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хүнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.
Ууц нуруу , өгзгөө дулаан байлгах.
Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хүний хувьд аль болох хүйтэн газар суухаас зайлсхийн бүлээн гудас хэрэглэх нь зүйтэй.
Халуун ногоо болон спиртийн төрлийн зүйлийг хүнсэндээ хэрэглэхээс зайлсхий.
Халуун ногоо, улаан чинжүү, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгүй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон үрэвсүүлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болж өгдөг юм.
Хүндрэл
Өвчний хамгийн аюултай шинж тэмдгийн нэг нь цус алдалт юм. Эхлээд бага хэмжээтэй /хэдэн дусал/ байж болох ч аажимдаа хэд хэдэн зангилаанаас цус шууд садрах нь бий. Энэ нь цус багадах, ажлын чадвар алдагдах, бие сулрах зэрэг эрүүл мэндэд хор уршигтай үзэгдэл юм. Шамбарам өвчин хүндэрсэн үед зангилаа үрэвсэж, суух, явах зогсоход хүртэл тэвчишгүй бэрхшээлтэй болдог.
Эмчилгээ
.
Эмийн эмчилгээнд Лаа, тос , венын судасны тонус сайжруулах эмүүд орно. Мөн бага хүрцийн мэс засал эмчилгээ хийж болно. Үүнд: хатаах тариа, шамбарамын зангилааг латексийн цагирагаар боох, хэт авиан хяналтан доор шамбарамын тэжээгч артерийг оёж боох, хэт улаан туяагаар шамбарамын зангилааг шарах,
Мэс заслын эмчилгээ: Харин өвчин сүүлийн шатандаа орсон бол гемморроидэктоми гэдэг мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдаг. Эдгээр эмчилгээг зөвхөн нарийн мэргэжлийн бүдүүн шулуун гэдэсний , мэс заслын эмчийн хяналтанд хийдэг.
Мэс ажилбар нь хүний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. Сүүлийн үед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм. Хэдий тийм боловч хувь хүний зуршил, амьдрах хэв маягаас ихээхэн шалтгаалдаг өвчин гэдгийг мартуузай.
Буруу эмчлэхээс зайлхийх хэрэгтэй. Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хүн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг.
Энэ өвчнөөр хүмүүс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгүй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.