Томуу болон томуу төст өвчний тухай
Голлох шалтгаан нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Шинж тэмдэг гэнэт /маш хурдан/эхэлдэг. Илэрч болох голлох шинж тэмдэг:
- Халуурах
- Шалтгаангүй ядрах
- Толгой өвдөх, бүх бие хөндүүрлэх, янгинах
- Хамар битүүрэх
- Шингэн нус гарах
- Хоолой өвдөх
- Ханиалгах
Томуу, томуу төст өвчин аюултай юу?
Тийм, аюултай байж болно. Ихэнх хүмүүс томуу туссан үед ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр өөрийн бие мах бодийн онцлогоор эдгэрдэг. Зарим хүмүүст энэ нь уушгины үрэвсэл буюу уушгины хатгалгаа өвчны шалтгаан болдог. Уушгины хатгалгаа өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болдог. Тийм учраас ханиад томууны халдварыг хаанаас авсан нь чухал байдаг.
Томуу өвчнөөр өвдөх болон хүндрэх өндөр эрсдэлт бүлэгт:
- 65 ба түүнээс дээш наслалт
- 2 наснаас доош хүүхэд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Архаг хууч өвчтэй /бусад эрхтний өвчин эмгэгтэй/
- Эмнэлгийн ажилчид
*Бага насны хүүхэдтэй бол заавал эмчид хандах, мөн томуугаар өвдсөн хүний ар гэрт урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлага байдаг.
Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Тийм. Урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг дагаарай.
- Тогтмол гараа бүлээн ус савангаар угаах, спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгах
- Ханиад томуу дэгдсэн үед амны хаалт зүүх, хамар-хоолойг өдөрт 2-оос доошгүй удаа зайлж байх, тохирсон дулаан хувцаслах, сайн унтаж амрах
- Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
- Жил бүр томуугийн вакцин хийлгэх. Зарим жилүүдэд вакцин илүү үр дүнтэй байдаг. Ханиадны хүндрэл болон шинж тэмдэг багасгах боломжтой.
Томуу, томуу төст өвчин хүрсэн үед ямар арга хэмжээ авах вэ?
Хэрвээ та өөрийгөө ханиад томуу хүрсэн гэж бодож байвал:
- Гэртээ байх
- Амрах
- Шингэн илүү уух
- Эмийн жор шаардлагагүйгээр парацетамол/Acetaminophen агуулсан эм тохиромжтой тунгаар уух /Жишээлбэл: MODCOL, MODCOUGH/. Энэ бүлгийн эмийг их хэмжээгээр удаан хугацаанд уух, элэгний өвчлөлд хүргэх тул тохиромжтой тунг эмзүйчээс асууж мэдэх шаардлагатай.
Хэдийд эмчид хандах вэ?
1 ээс 2 долоо хоногийн дотор томуу, томуу төст өвчин эдгэрдэг гэж үздэг боловч танд доорхи шинж тэмдэг байвал заавал эмчид хандах хэрэгтэй.
- Амьсгал олшрох, амьсгалахад төвөгтэй байх
- Хэвлийгээр өвдөх болон цээж дараад байгаам шиг өвдөх
- Толгойн өвдөлт гэнэт нэмэгдэх, толгой эргэх, гуйвах шинж илрэх
- Сэтгэл санаа тогтворгүй мэдрэмж төрөх
- Хоолны дуршил муудах, дотор муухайрч бөөлжих
- 38С илүү халуурах
- 10 аас илүү хоног шинж тэмдэг арилахгүй байх
- Цустай цэр гарах
Хэрвээ та эмчид, эмнэлэгт очихоор шийдсэн бол ямар шинж тэмдэгтэйгээ заавал хэлэх хэрэгтэй. Мөн бусдад халдаахгүйн тулд амны хаалт хэрэглээрэй.
Хэрвээ та acetaminophen эм уухгүйгээр 24 цаг болсон боловч халуураагүй бол ажил, хичээл, олон нийтийн газар явж болно.
Хэрвээ та олон нийттэй харилцах ажил хийдэг бол ханиалгалтыг бүрэн зогссоны дараа ажилдаа явах хэрэгтэй. Ханиад бүрт ам болон хамраа гарын шууны ар хэсгээр дарах, маск зүүгээрэй.
Томуу өвчин эдгэрэх үү?
Тийм. Зарим тохиолдолд шалтгааны эсрэг буюу вирусын эсрэг эм уухгүйгээр томуу эдгэдэг бол зарим тохиолдолд вирусын эсрэг эм ууж байж бүрэн эдгэх боломжтой.
Мэдээж вирусын эсрэг эм уух, эс уух эсэхийг эмчээр шийдүүлэх хэрэгтэй.
АНТИБИОТИК ЭМЧИЛГЭЭ ТОМУУ ӨВЧИНГ УСТГАХГҮЙ.
Хэрвээ та жирэмсэн бол заавал эмчийн заавраар эм хэрэглэх шаардлагатай.
Томуу, томуу төст өвчин нь: Уушгины хатгалгаа, гуурсан хоолойн хурц үрэвсэл, чихний халдвар, багтрааны шинж, хамар дайврын үрэвсэлт өвчинд хүрч хүндрэлд хүргэдэг.