Тэмбүү өвчний талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ийн Тандалт судалгааны албаны тэргүүлэх зэргийн их эмч М.Энхтуяа зөвлөж байна
БЗХӨ-ний дотроос манайд зонхилон тохиолддог нь тэмбүү. Гэхдээ манайхан хор уршгийг нь сайн мэддэггүй. Энэ өвчний талаар ойлголт өгөөч?
-Тэмбүү нь бэлгийн замаар дамжих халдварт ордог. Цайвар трепонем гэдэг нянгаар үүснэ. Заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь 30, 40-өөд төрлийн бэлгийн замын халдваруудаас зонхилон тохиолдох өвчинд ордог. Тэмбүү өвчин ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамжина.
-Өвчний нууц үе хэдий хугацаанд үргэлжилдэг вэ. Илрэхгүй байж байгаад хүндрэх тохиолдол их байдаг гэсэн?
-Халдварын нууц хугацаа 3-4 долоо хоног байна. Халдвар авснаас хойш 3-4 долоо хоногийн дараа халдвар хаана орно, тэнд анхны шинж тэмдэг илэрдэг. Ер нь бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг учраас бэлэг эрхтэн дээр голчлон гарна. Манайхан үүнийг хатуу яр гэж нэрлэдэг. Хатуу яр нь зөв, дугуй, зуйван хэлбэртэй, нэг см орчим хэмжээтэй, тэгш ирмэгтэй, тэмтэрч үзэхэд хатуувтар байдаг. Хамгийн гол нь гарсан шарх ямар ч өвчингүй байдаг. Тийм учраас хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд бэлэг эрхтэн болон үтрээний амсар, умайн хүзүүн дээр гарсан тохиолдолд анзаарахгүй өнгөрөх нь бий. Хатуу яр гарсны дараа хоёр дахь шинж тэмдэг илрэх буюу 7-10 хоногийн дараа яр гарсан орчимд тунгалгийн булчирхай томорно. Ихэвчлэн бэлэг эрхтнээр халдварладаг учраас цавины булчирхай томордог. Хэрэв үнсэлцэж байгаад амны шалбархайгаар халдвар авсан бол уруулын орчим яр гарч дараа нь тэр хавийн тунгалгийн булчирхай томорно гэсэн үг. Тунгалгийн булчирхай нь мөн ямар нэгэн зовиургүй, тэмтрээд үзэхэд хөдөлгөөнтэй байдаг. Энэ үеийг тэмбүү өвчний нэгдүгээр үе гэнэ.
-Дараа нь яах вэ?
-Хатуу яр гарснаас хойш 6-7, халдвар авснаас хойш 9-10 долоо хоногийн дараа хоёрдугаар үе илэрдэг. Хоёрдугаар үеийг дотор нь шинэ, далд, дахисан тэмбүү гэж ангилна. Энэ үед биеэр гөвдрүү, толбо зэрэг янз бүрийн хэлбэрээр тууралт гарна. Мөн л өмнөх үе шигээ өвдөх, загатнах, хорсох зовиур байхгүй. Тиймээс хүмүүс анзаарахгүй өнгөрөх тохиолдол байдаг.
Хоёрдугаар нь үе нь таван жил орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд ил буюу далд байдлаар ээлжилж байдаг. Ил гарсныг нь болохоор дахисан тэмбүү, далд орсныг нь далд тэмбүү гэдэг. Далд тэмбүүтэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Зөвхөн цусны шинжилгээгээр л мэдэж болно. Тууралт нь идээ, цэврүү байдлаар гарч эхэлнэ. Тэгж байгаад дахин алга болох жишээтэй. Үүнээс гадна үс, сормуус унадаг.
Ингэж явсаар гуравдугаар үедээ ордог. Энэ үед нүүр болон шилбэ хавиар товруу, зангилаа үүснэ. Дээр үед хамаргүй хүмүүс олон байсан нь тэмбүү өвчинтэй холбоотой. Энэ нь хүний хамарны мөгөөрсөн эдийг иддэг. Ер нь ихэвчлэн эдгэшгүй, эвгүй сорви олноор үлддэг. Харин гуравдугаар үед орсны дараа эмчилгээ хийлгэхгүй удвал амь насанд аюултай. Бас давхар мэдрэлийн системд нөлөөлдөг.
-Нууц үе өнгөрсөн л бол шинжилгээгээр шууд илрэх үү?
-Шинжилгээгээр илэртлээ бас удна. Хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн дараа цусны шинжилгээ өөрчлөлттэй гарна. Харин нууц хугацаа болон хатуу яр гарснаас хойш 3-4 долоо хоногийн хооронд цусны шинжилгээ сөрөг гардаг. Тиймээс энэ хугацаанд шинжилгээ өгөөд ч өвчтэй гэдгээ мэдэх боломжгүй. Харин үүнээс хойш шинжилгээний хариу эерэгжиж эхэлнэ.
Мэргэжлийн эмч бол хатуу ярыг гаднаас нь хараад ялгана. Мөн зовиурыг нь асууж, тандалт судалгаа хийсний үндсэн дээр тухайн хүний шинжилгээ сөрөг байсан ч шинж тэмдгээр нь оношлох боломжтой.
-Өвчний явцыг харахад хүний биед зовиур багатай мөртлөө их аюултай өвчин юм шиг санагдлаа?
-Ер нь зовиур багатай. Гэхдээ хоёрдугаар үеэсээ эхлээд дотор эрхтний системийг гэмтээж эхэлдэг. Мэдрэлийн систем, элэг, зүрх, судсыг үрэвслүүлнэ. Тийм учраас аль болох урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй.
-Аль насныханд илүү тохиолддог вэ?
-Ихэвчлэн бэлгийн идэвхтэй амьдралтай залуучууд өвчилдөг. Тэд уруу татагдах, шохоорхох, тохиолдлын байдлаар бэлгийн хавьталд орох өндөр магадлалтай. Мөн архи, дарс ууж, хяналтаа алдах зэрэгтэй холбоотойгоор өртөх нь бий.
-Зөвхөн залуучууд гэлтгүй эхээс урагт дамжин халдварлах байдлаар дөнгөж төрж буй нярай хүүхдүүд хохирох тохиолдол байдаг гэсэн. Энэ талаар?
-Төрөлхийн тэмбүү социализмын үед бараг устчихсан байсан. Жилдээ 1-2 удаа гардаг байсан бол 1990 оноос хойш нэмэгдсэн. Одоо бол жилдээ төрөлхийн тэмбүүтэй хүүхэд 10 гаруй төрж байна. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлүүлээгүй тохиолдолд хүүхэд нь зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэх аюултай.
Харин манайд төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх стратеги гэж байгаа. Үүний дагуу жирэмсэн эмэгтэйчүүдийг эрт хяналтад оруулж, шинжилгээ өөрчлөлттэй тохиолдолд эмчилгээнд хамруулах журам гарсан.
Ер нь сүүлийн үед манай жирэмсэн эхчүүд хяналтад эрт хамрагддаг болж байна. Хяналтад хэдий чинээ эрт орно, төдийн чинээ урьдчилан сэргийлж чадна. Ялангуяа жирэмсний эхний 3-4 сартайд нь эрт илрүүлчих юм бол өвчтэй хүүхэд төрөхгүй. Ер нь төрөлхийн тэмбүү буурч байгаа.
-Уг өвчин бүрэн эдгэрдэг үү. Алсдаа хүний биед муугаар нөлөөлөх үү?
-Эмчилгээ хийвэл үр дүн сайтай. Үндсэн эмчилгээ нь пенциллин. Заг хүйтэн өвчний үүсгэгч нь эмэнд хурдан дасан зохицдог учраас эмчлэхэд төвөгтэй байдаг. Харин тэмбүүг эмчлэхэд үр дүнтэй. Хамгийн гол нь эмчилгээгээ таслахгүй, бүрэн гүйцэд хийлгэх юм бол 100 хувь эдгэрдэг өвчин.
Урьд нь натрийн пенциллинийг үе шатаас нь хамаараад олон хоногоор тарьдаг байсан бол одоо хүчтэй пенциллинээр нэг л удаа тарьдаг болсон. Тэгээд нэг удаа гэхээр залуучууд өөрсдийнхөө дураар юм уу, эмийн санчийн зөвлөгөөгөөр дутуу, буруу эмчилгээ хийдэг. Дутуу эмчилвэл өвчин тарах, хүндрэх тохиолдол их бий. Хамгийн гол нь өвчин илэрсэн л бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Эцэст нь залуучууддаа хэлэхэд аль болохоор бие, биедээ үнэнч байж, тохиолдлын хавьталд орохгүй, архи, дарснаас хол байх хэрэгтэй. Тэгээд бэлгэвчийг тогтмол хэрэглэх нь чухал. Дээрээс нь залуучууд маань эрүүл мэндийн сэтгүүл, ном, хэвлэл сайн унших хэрэгтэй. Гадуур энэ талын материалууд маш их гардаг.