ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДАА ХҮНДЭТГЭН ЗӨВХӨН ИНЭЭМСЭГЛЭЛЭЭР УРАМ ХАЙРЛАЯ
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ариун тангараг өргөдөг хүмүүс бол эрдэнэт хүний эрүүл мэнд, алтан амийг аврахын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд билээ.
Эх барих эмчийн гар дээр л бид хорвоод мэндэлж, элдэв өвчин тусвал эмчийг л бараадаж, хайртай бүхнийг минь тэд л хүнд өвчнөөс аварч, олон айлд элэг бүтэн амьдрал бэлэглэдэг ачтанууд гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тийм ч учраас олон хүн талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд чихэр жимсээр дайлахаас эхлээд дугтуйтай мөнгө хүртэл бэлэглэхийг хүсдэг ч энэ нь ариун тангараг өргөсөн эмч нарын хувьд огт байж болшгүй үйлдэл юм.
Хэдийгээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй ажиллаж, багахан цалин хөлс авдаг байсан ч тэдний хувьд өвчтөнөө хөл дээр нь босгож, өвдөж шаналсан царайнд нь инээмсэглэл тодроход л юунаас ч илүү урам авч, тайтгардаг билээ.
Тиймээс эрүүл мэндийн салбарын хамт олон, иргэдтэйгээ хамтран авлига, ашиг сонирхлоос ангид байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “ИНЭЭМСЭГЛЭЛ БИДЭНД УРАМ” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Та өөрийн болоод хайртай хэн нэгнийхээ эрүүл мэнд, алтан амийг ямар ч алт эрдэнэсээр үнэлж чадахгүй бизээ. Тэгвэл энэхүү эрхэм эрдэнийг тань хамгаалж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа Та хүндэтгэл үзүүлэн, инээмсэглэлээс өөр шан харамж өгөх гэж бүү оролдоорой.
Эрхэм Та эрүүл мэндийн салбарын ажилтнуудын санаачилсан “ИНЭЭМСЭГЛЭЛ БИДЭНД УРАМ” зорилтот хөтөлбөрт нэгдэж, өөрийгөө болон будсыг хүндэтгэж, чин сэтгэлийн талархлын үгс, инээмсэглэлээрээ л урам хайрлаарай.