Эрүүл мэнд

ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГ ХУРАЛДЛАА

Гамшиг, онцгой байдлын үеийн Олон улсын эрүүл мэндийн багийн хурал 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж, хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Элчин сайдын яамд, хөгжлийн хамтын ажиллагааны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Монголын улаан загалмайн нийгэмлэг зэрэг 15 байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцлоо.

 

Энэ удаагийн хурал нь КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай, тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг авах зорилготой байлаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж бодисууд, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмэр, дэмжлэг туслалцааг үзүүлж ирсэнд дээрх байгууллагуудын төлөөлөлд талархал илэрхийлэв. Тэрээр Олон улсын эрүүл мэндийн багийн хурал нь эрүүл мэндийн онцгой байдлын үеийн анхаарал татсан, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг шуурхай, нээлттэй хэлэлцэж, хамтын шийдвэр гаргаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлоод өмнөх хурлуудаас гарсан үр дүнг товч танилцууллаа. Хурлын хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Монгол Улс дахь КОВИД-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт амжилт, тулгамдсан асуудлуудын талаар илтгэл презентаци хийж, эрүүл мэндийн салбарт хэрэгцээ шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн тооцоо судалгааг танилцууллааДэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица “Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний үр дүн, тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцуулга хийж, халдварын тандалт судалгааг сайжруулах, хөл хориог үе шаттай сулруулахад анхаарч ажиллах зөвлөмжийг өгч, цаашид ДЭМБ-ын зүгээс хамтын ажиллагааг өргөжүүлж, бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.Хурлын явцад олон улсын байгууллагын төлөөлөгчид КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх чиглэлээр өөрсдийн байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг танилцуулж, харилцан ярилцаж санал солилцсоноор хурал өндөрлөв.