Uncategorized

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ  

 

2016 онд батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тогтолцоог бэхжүүлэн,   Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэхээр заасан. Мөн эрүүл мэндийн салбарын бодлого, хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэж, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хууль, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого” болон зарим үндэсний хөтөлбөрүүд шинээр батлагдан гарлаа. Үүнтэй уялдан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх Төв аймгийн дэд хөтөлбөр (2017-2026он), аймгийн Засаг  даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2016-2020 он) тус тус батлагдан, хэрэгжиж байна.

Энэхүү салбарын болон аймгийн хөгжлийн чиг хандлагатай уялдан, байгууллагынхаа хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлон, хэрэгжилтийг хангаж ажиллах нь бидний нэн тэргүүний зорилт болж байна. 

 

Иймд хөгжлийнхөө стратеги (2018-2022 он) төлөвлөгөөг “Үйлчлүүлэгч-Үйлчилгээ үзүүлэгч”-ийн оролцоог ханган, дэвшилтэд технологийн нэвтрэлт, хүн амын эрүүл мэндийн шинэ эрэлт хэрэгцээнд үндэслэн, эрх зүйн шинэ орчинтой нягт уялдуулан, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудалд суурилан боловсруулаад байна.

 

Бид ийнхүү чанартай, хүртээмжтэй, хариуцлагатай, шуурхай тусламж, үйлчилгээг үзүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх өргөн боломжийг нээсэн,  хөгжлийн үндсэн БАРИМТ БИЧИГ-тэй боллоо. 

 

Энэхүү хөгжлийн стратеги нь “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын 8 үндсэн чиглэлийн (нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүний нөөц, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн технологи, эм зүйн тусламж, үйлчилгээ, мэдээллийн технологи,мэдээллийн удирдлага, эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал) хүрээнд стратегийн 8  зорилго, стратегийн 24 зорилт,  238 үйл ажиллагааг дэвшүүлэн,  хэрэгжүүлэхээр тусгасан томоохон төлөвлөгөө юм.

 

Стратеги төлөвлөгөөг боловсруулахад Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх” техник туслалцааны төслөөс зохион байгуулсан чадавхыг бэхжүүлэх сургалтууд, Олон улсын болон Үндэсний зөвлөхүүдийн үнэтэй зөвлөгөө чухал хувь нэмэр орууллаа. 

 

Байгууллагын хөгжлийн стратеги төлөвлөгөө нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хамт олон ТА БҮХНИЙ чин сэтгэл, манлайлал, бүтээлч санаачилга, ёс зүйтэй, найрсаг харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагаа, иргэдээс үзүүлэх итгэл, дэмжлэг, сэтгэл ханамжийн  үр дүнд хэрэгжих юм. 

 

Энэхүү стратегийг боловсруулсан ажлын хэсэг, хамтран ажилласан нийт хамт олон, санал, хүсэлтээ ирүүлсэн ард иргэд, Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх техник туслалцааны зөвлөх багийнхандаа баярлалаа.